Эцэг эхчүүдийн хүүхдүүддээ зарцуулж буй үр бүтээмжтэй цаг
top of page

Эцэг эхчүүдийн хүүхдүүддээ зарцуулж буй үр бүтээмжтэй цаг

Updated: Oct 17, 2022

"Цаг хугацааг үр бүтээмжтэй өнгөрүүлнэ" гэдэг нь тухайн гэр бүлийн гишүүдийн аз жаргалтай байдал болон сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг бөгөөд үүнд эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарлаа хандуулж гэр бүлийн хамтдаа байх, харилцан ойлголцож бие биеийнхээ хайрыг илүүтэйгээр мэдрэх, сэтгэлд хоногшсон үйл явдлуудыг өрнүүлэн тэдэнд хэзээ ч мартагдахгүй дурсамжийг үлдээх хэрэгтэй байдаг.


Үр бүтээмжтэй цаг" болон "Хамт байх цаг"-ийн ялгаа


АНУ-ын сэтгэл судлаач Юэнг, Сандберг нарын тодорхойлсоноор үр бүтээмжтэй цаг нь хүүхдүүдтэйгээ шууд харилцах, ямар нэг үйлдэл хамт хийх цагийг хэлэх бол хамт байх цаг гэдэг нь ямар нэг үйлдэл, харилцаа шаардахгүйгээр хамтдаа байгаа идэвхгүй цагийг хэлнэ.

Дэлхий нийтээр хүүхдийг бие хүн болж төлөвшүүлэхэд эцэг эхийн зүгээс цаг хугацаа их зарцуулах нь сайн байдаг гэдэг ерөнхий ойлголт итгэл үнэмшилтэй байдаг хэдий ч Англи улсын сэтгэл зүйчдийн 9-11 насны хүүхдүүдтэй аавуудын дунд хийсэн судалгаанаас харахад хүүхдэд зарцуулах чанартай цагийн тоо нь бус чанар нь илүү чухал гэдгийг онцолсон байна. Мөн Америк ээжүүдийн хүүхдэдээ зарцуулах цаг болон хүүхдийн хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн үзүүлэлттэй нь харьцуулсан судалгаанд мөн л эцэг эхийн хүүхэдтэйгээ зарцуулах цагийн тоо нь бус хамгийн гол нь ээжүүд өөрсдөө сэтгэл зүйн хувьд эрүүл байж үр бүтээмжтэй цагийг өнгөрүүлдэг байх хэрэгтэй гэсэн үр дүн гарчээ.



Хүүхдүүд эцэг эхээсээ юу хүсдэг вэ?


"Та үргэлж хүүхдийнхээ хамгийн дуртай тоглох тоглоом нь байх болно" хэмээн АНУ-ын сэтгэл судлаач ВикиЛански хэлсэн байдаг. Учир нь хүүхдийн хөгжилд бидний бодож буй шиг тийм олон тоглоом огтхон ч хэрэггүй. Бид хүүхдэдээ дуу дуулж өгч, юм уншиж өгөх явцдаа хамтдаа үр бүтээмжтэй цаг гаргавал хүүхдүүд илүү ихээр баярладаг байна. Энэ нь хүүхдийн өсөлт хөгжилд хамгийн ихээр эерэг нөлөө үзүүлдэг ажээ. Нэг үгээр хэлбэл, хамгийн энгийн мөртөө хамгийн их нөлөө үзүүлдэг тоглоом бол эцэг эхчүүд бид өөрсдөө байдаг ажээ.


Ээнэгшилийн онол

1930-аад оны үеэс Английн сэтгэл судлаач Джон Боулби хүүхдийн хүмүүжил, төлөвшил болон насанд хүрсний дараах бие хүний чадвар, шинжүүдэд эцэг эхийн хүүхдэдээ гаргаж буй үр бүтээмжтэй цаг, анхаарал, халамж онцгой нөлөөтэй гэсэн санааг дэвшүүлснээс хойш хүүхдийн төлөвшилд гэр бүлийн орчин ялангуяа эцэг эхийн халамж хэрхэн нөлөөлдгийг дэлхий нийтээр эрчимтэй судалж эхэлсэн.

Джон Боули болон Мэйри Эйнсворт нарын дэвшүүлсэн ээнэгшихүйн онолын гол үзэл санаа нь "Эцэг эх, хүүхдийн хоорондын ээнэгших үйл явц нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон бие хүний цаашдын хөгжилд нөлөөлдөг" болохыг илрүүлсэн.


Илүү дэлгэрэнгүйгээр Ээнэгшихүй гэдэг нь харилцан бие биеийнхээ асуудал үйл ажиллагаанд оролцох оролцоо, харилцан халамжлах, ойр дотно харилцаа холбоогоо хадгалан барих хүсэл тэмүүллээр тодорхойлогдох хоёр хүний хоорондын сэтгэл хөдлөлийн нягт холбоо юм. Энэхүү холбоо нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, танин мэдэхүйн хөгжилд ихээхэн чухал үүрэгтэй.


Хүүхэд зургаан сартайгаас эхлэн эцэг эх болон ойр дотны хүмүүстэйгээ ээнэгшин дасаж эхэлдэг

Мөн бусдад итгэх эс итгэх, хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох, суралцах үйл ажиллагаа болон амьдралын явцад бусадтай харилцах харилцааны үндэс суурь тавигддаг байна. Хүүхдийн нялх үед байнгын анхаарал халамж тавин тэврэх, бүүвэйлэх, нүдээрээ харилцах, Инээмсэглэх, элбэн таалах физиологийн суурь хэрэгцээ болох зайлшгүй хэрэгцээтэй хүнс тэжээлээр хооллох, хувцаслах, дулаан тохилог гэр анд оронд байлгах нь хэвийн ээнэгшихүйн үйл явцад чухал нөлөөтэй болохыг судлаачид тогтоожээ. Энэ үйл явц нь хэвийн явагдсан бол бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх, бусдад итгэдэг, тэднийг хайрлах суурь тавигддаг байна.

Харин эцэг эхээс хол хөндий буюу хангалттай цаг гаргаж чадаагүйгээс хүүхдүүдэд илэрдэг нийтлэг шинж нь:


Зан төлөвийн хувьд

  • Догшин, түрэмгий байдлаар өөрийн хэвийн үеийн түгшүүрээ илэрхийлэх

  • Ямар нэгэн байдлаар хууль болон дотоод дүрэм журам зөрчсөн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байх

  • Бусдад буруугаа тохох, хайх зэргээр илэрдэг

Өөрийн хяналтын хувьд

  • Өөрийн гаргаж байгаа зан үйлээ бусдын тусламжгүйгээр хянаж чадахгүй байх

  • Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх

  • Ямарваа тохиолдолд өөрийн зан үйлийг урьдчилан харж тохируулж чадахгүй байх зэргээр илэрнэ

Өөрийн үнэмшлийн хувьд

  • Амжилттай биелүүлсэн ямар нэгэн ажлаасаа сэтгэл хангалуун байдал мэдэрч чадахгүй байх

  • Өөрийгөө ямар нэгэн даалгавар хийж чадахгүй гэж үзэх

  • Баярлаж бахархаж чадахгүй байх

Бусадтай харилцах харилцааны хувьд

  • Бусдад итгэхгүй байх

  • Өөрийгөө бусадтай тогтвортой, найрсаг харилцаатай байж чадахгүй гэж үзэх.

  • Бусадтай харилцахдаа өөрийгөө хэт хянах

Сэтгэлийн хөдөлгөөний хувьд

  • Өөрийнхөө мэдрэмжийг ойлгохгүй байх

  • Өөрийнхөө уур хилэн, гуниг гомдлоо илэрхийлж чадахгүй байх

  • Бусдын мэдрэмжийг ойлгож хүлээн авахгүй байх гэх мэт шинжүүд илэрдэг байна.



Монгол улсад хийгдсэн чанартай цагын судалгаа

Эцэг эхчүүдийн хүүхдэдээ зарцуулж буй чанартай цагийн үр бүтээмжийг судлахдаа хоёул хөдөлмөр эрхэлдэг 100 эцэг эхчүүдийг судалгаанд хамруулсан бөгөөд эцэг эхчүүд дунджаар 24 цагийн 8 цагийг амрах унтах, 8 цагийг ажил болон үйл хөдлөлд зарцуулдаг бөгөөд чөлөөт цаг болох үлдсэн 8 цагтаа телевиз үзэхэд 3-4 цаг, ажил гэр хоорондын замд 1-2 цаг, хоолонд 1 цаг, гэр бүлийнхэнтэйгээ 1-2 цаг өнгөрүүлдэг нь судалгаагаар гарсан.


Эцэг эхчүүдийн гэр бүлдээ зарцуулж буй 1-2 цаг нь үнэхээр хүүхдийн хөгжил хүмүүжилд эергээр нөлөөлөхүйц үр бүтээмжтэй байна уу?


Харамсалтай нь энэ цагтаа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах, хамтдаа ямар нэгэн үйлдэл хийдэг эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүд ажлын өдрүүдэд хүүхдэдээ өдөрт хамгийн багадаа 2-4 цаг зарцуулдаг гэсэн хэдий ч энэхүү цаг нь хүүхдийн бие хүн болж төлөвшихөд хангалттай бус байгаа нь эцэг эхчүүдийн 78.5 хувь нь энэхүү гаргаж буй цаг нь хүүхдийн бие хүн болж төлөвшихөд хангалттай цаг бус, 86.5 хувь нь хүүхдэдээ цаг бага зарцуулж байгаадаа сэтгэл хангалуун бус байдаг гэж тайлбарласнаас харагдаж байна.

Эцэг эхчүүд гэр бүлдээ илүү анхаарал хандуулж цаг гаргах ёстойг мэддэг, ухамсарладаг хэдий ч бодит амьдрал дээр нийт судалгаанд хамрагдагсдын 44 хувь нь гэр бүлээс илүүтэй ажлыг илүүд тавьдаг нь мөн харагдсан. Мөн хүүхдэдээ өдөрт тохиолдсон явдлыг нь эцэг эхчүүдийн 65 хувь, ирээдүйн амьдрал хүсэл мөрөөдлийн талаар 48 хувь, найз нөхдөө хэрхэн сонгож найзлах талаар 39 хувь, хүүхдийнхээ нэрийг хэрхэн өгсөн тухай 24 хувь нь хүүхдүүддээ ярьж тайлбарлаж өгсөн байна. Харин өдөр бүр хоолны цагаараа нийт 100 гэр бүлийн 39 хувь нь л хамтдаа хооллодог гэж хариулжээ.


Өдөр бүр дор хаяж 30 минутыг үр хүүхэддээ гаргацгаая.

Гэр бүлдээ цагийг хамтдаа өнгөрөөн зөв харилцаа тогтоохын тулд өнгөрүүлж буй цагийн хэмжээ бус чанар нь чухал юм. Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдээс хүүхдэдээ өдөр бүр дор хаяж 30 минутыг гаргаж чадах уу? гэдэг асуултынд нийт эцэг эхчүүдийн 85 хувь нь чадна гэсэн бол 15 хувь нь тухайн өдрийн нөхцөл байдлаас хамаарна гэж хариулсан байна. Үүнээс харахад хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүд хүүхдэдээ өдөр тутам багахан ч гэсэн цаг гаргах боломжтой байдаг байна. Тэр цаг нь өглөө, орой хэзээд ч байж болох бөгөөд энэ нь таны гэр бүлийн нөхцөл байдлаас хамаарч болно.

Иймээс эцэг эхчүүд дараах алхмуудыг өөртөө болон гэр бүлдээ бага багаар хэвшүүлэхэд анхаараарай.


1. Өдөрт 30 зөвхөн өөртөө, 30 минутыг хүүхдэдээ

Аль болох үр бүтээмжтэй өнгөрүүлж хэвших хэрэгтэй. Учир нь хүн өөрөө эрүүл тайван cтpeccгүй байж бусдад цаг гаргаж чадна.


2. Аавын оролцоо

Дэлхий даяар хийгдсэн олон судалгаагаар аавын оролцоо хүүхдэд маш их нөлөөлдөг нь тогтоогдсон. Сүүлийн 40 жилд хийгдсэн судалгаануудаас үзэхэд оролцоо сайтай халамжтай эцэгтэй хүүхдүүд оролцоо муутай эцэгтэй хүүхдүүдтэй харьцуулахад танин мэдэхүйн чадвараараа илүү байдаг нь батлагдсан.


3. Хамт хооллох

Гэр бүлийн гишүүд оройн цагаар нь хамтдаа хооллох цаг гарган гишүүн бүр тухайн өдрийнхөө үйл явдлыг ярилцах цаг гаргах хэрэгтэй.


4. Гэр бүлийн уламжлал

Гэр бүлийн гишүүн бүр хүсэн хүлээдэг зөвхөн танай гэр бүлийн онцлогт тохирсон уламжлалуудыг бий болгох хэрэгтэй.


5. Амралтын өдөр

Амралтын өдрийг гэр бүлдээ зарцуулж байх нь зүйтэй.


6. Өдөр тутмын бяцхан мөчүүд

Өглөө шүдээ угаахаас эхлээд өдөр тутамд хийдэг байнгын бүхий л үйлдлээ хүүхэдтэйгээ хамт хийж тэдгийн оролцоогоор хангаж болно. Ийм байдал л эцэг эх, хүүхдүүдийг ойртуулдаг.


Хүүхэдтэйгээ багаас нь үргэлж ярилцаж, хамт байж сурахгүй хүүхдүүдтэйгээ хамт хийж, тэдний оролцоог хангахаар болгож болно. Ийм байдал л эцэг эх, хүүхдүүдийг ойртуулдаг. Хүүхэдтэйгээ багаас нь үргэлж ярилцаж, хамт байж сурахгүй бол өсвөр наснаасаа эхлэн эцэг, эхээсээ улам хол хөндий болж, харилцах нь улам багасдаг.

Хүүхдэд мэдээж аав ээжийн хайр халамж, цаг зав нэн их хэрэгтэй. Гэхдээ хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ хайр халамжаар дутаалгүй өсгөх бүрэн боломжтой.




283 views0 comments
bottom of page