Бритиш сургуулийн хамт олныг сургуультай холбох эгэл бус богино түүхүүдийг хуваалцах “#LifeatBSU” булангийн дараагийн зочноор Монгол хэлний багш Д.Дамдинсүрэн багш оролцлоо.
Q1. Өглөөний мэнд багшаа, Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Д.Дамдинсүрэн гэдэг Улаанбаатар дахь Бритиш Сургуульд 10 дахь жилдээ, боловсролын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна. Сургууль үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн бага дунд ахлах ангийн сурагчдадаа монгол хэл уран зохиолын хичээл заан Бритиш сургуулийн сурагчдад монгол хэлийг төгс эзэмшүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
Q2. Таны гадаадад өссөн монгол хүүхдүүдэд хэрхэн монгол хэл заадаг арга барил юу вэ?
Улаанбаатар дахь Бритиш сургуульд олон улсаас элсэлт авдаг. Гадаадаар хэлд орсон монголоор ярих, бичих, унших чадвар багатай хүүхдүүд элсэн орох тохиолдол элбэг байдаг. Эцэг эхээс нь хоорондоо, хүүхэдтэйгээ монголоор ярьдаг эсэх нь хүүхдийн монгол хэлний түвшинд шууд нөлөөлдөг. Үүний адилаар монгол хэлний түвшин нь хэр хурдан сайжрах нь мөн эцэг эхийн оролцооноос шалтгаалдаг. Багш сурагч, эцэг эх гурав хамтарч ажиллавал тэр хүүхэд хамгийн амжилттай сурдаг гэдгийг би хорин жилийн туршлагаасаа ойлгож явна. Тиймээс би сурагчдадаа хичээлийн даалгавраас гадна эцэг эхтэйгээ хамтран ажиллах бие даалт өгдөг.
Q3. Та гадаад хүүхдүүдэд монгол хэлийг хэрхэн заадаг туршилгаасаа хуваалцаач?
Би гадаад хүнд монгол хэл заах туршлагыг хорин жил хуримтлуулж байна. Гадаад сурагчид маань их хурдан уншиж, бичиж сурдаг. Ялангуяа эцэг эх нь монголд урт хугацаанд амьдрахаар төлөвлөж буй айлын хүүхдүүд монгол хэл сурах их сонирхолтой байдаг. Сурагчдынхаа насны онцлогт тааруулан монгол хэлийг аль болох хөгжилтэй үр дүнтэйгээр заан үсэглэлийн баяр, урлагийн наадам зэргийг хийдэг. Бритиш сургуулийн нэг онцлог нь гадаад сурагчдадаа монгол хэлний хичээлийг монгол сурагчдаас тусад нь заахыг хичээдэг. Нэгдүгээр ангийн гадаад хүүхдэд цагаан толгойг монгол хүүхдүүдтэй цуг заачихдаг бол дунд болон ахлах ангид шилжин ирсэн хүүхдүүдэд тусад нь цагаан толгойноос эхлээд заадаг. Үсэг заахынхаа хажуугаар өргөн хэрэглээний мэндчилгээ, өөрийгөө танилцуулах, таксинд суувал яах вэ, ресторанд орвол яах вэ гэх мэт богино ярианууд цээжлүүлдэг. Тэдгээр нь хүүхдүүдийн өдөр тутмын амьдралд нь их хэрэг болдог. Ээж аавтайгаа ресторанд ороод хоолоо монголоор яриад захиалаад сурчихдаг.
Өдөр бүр урам зоригтойгоор хичээнгүйлэн суралцаж байгаа сурагчдаа хараад хүүхдүүдийнхээ боловсролд хувь нэмэр оруулах эрхэм үйл хэмээн үзэж өдөр бүр ажилдаа аз жаргалтайгаар ирдэг дээ.
Comments