top of page

Life at BSU #20

Бритиш сургуулийн хамт олныг сургуультай холбох эгэл бус богино түүхүүдийг хуваалцдаг “#LifeatBSU” булангийн дараагийн зочноор Спортын Гуравдугаар Зэргийн Мастер, Монгол Засгийн Газарын Нэрэмжит Шагналт, 9-р ангийн сурагч Н.Маргад оролцож, өөрийн зорилго болон сонирхлуудын талаар хуваалцлаа.

Намайг Маргад гэдэг, Бритиш сургуулийн 9-р ангийн сурагч. Би усан спортоор хичээллээд яг нэг жил болох гэж байна. Анх зүгээр л сэлээд сурчихвал хэрэгтэй гэж бодоод хичээллэж эхэлсэн. Харин хичээллэж эхэлсэнээс дөрвөн сарын дараа нь багш маань намайг тамирчнаар бэлтгэх санал тавьснаар илүү эрчимтэй бэлтгэлээ хийж эхэлсэн. Багш бид хоёрын бэлтгэл ч амжилттай болж “Насанд хүрэгчдийн улсын аварга 2022, 2023”, “Ерөнхийлөгчийн цом 2022”, “UBAC 2023” гэх тэмцээнүүдэд оролцож спортын гуравдугаар зэргийн болзлыг хангасандаа баяртай байгаа. Удахгүй дахин нэг тэмцээнд оролцохоор төлөвлөн, бэлтгэлдээ ороод байна. Усанд сэлэхээс гадна төгөлдөр хуураар хичээллээд 4 жил болжээ. Ээж маань намайг олон зүйл туршиж үзэхийг их дэмждэг, анх төгөлдөр хуур болон усанд сэлэлт хоёроос сонголт хийх болоход төгөлдөр хуурыг түрүүлж сонгож байсан.


Төгөлдөр хуураар илүү удаан хичээллэсэн болохоор олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж нээгдсэн. Одоогоор Берлин, Лос Анжелес, Нью-Йорк, Хонконг, Итали, Малайз, Парис хотуудад биечлэн тоголохоос гадна онлайнаар зарлагдсан уралдаануудад бичлэгээ явуулж оролцдог. Тэмцээн бүрийн зохион байгуулалт өөр байдаг, зарим нь 2-р дугаар шатанд шалгарснаар биечлэн очиж оролцдог бол бусад нь зөвхөн онлайнаар явагддаг. Олон улсад өрсөлдөхөд ажигласан зүйл гэвэл Хятад, Япон гэх мэт Ази тивийн орны хүүхдүүд илүү хүчтэй өрсөлдөгч болдог санагдсан шүү.


Байнга өөрийгөө сорихын тулд Монгол улсдаа зохион байгуулагддаг тэмцээнүүдэд мөн идэвхтэй оролцдог. Удахгүй зохион байгуулагдах ‘Piano Lovers’ тэмцээнд оролцохоор усанд сэлэлт, хичээлийн хажуугаар бэлтгэлээ тасалдуулалгүй хийж байгаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо шагнал авах биш өөрийгөө сорихыг зорилгоо болгох нь чухал санагддаг.

Н.Маргад ''Crescendo international music competition 2022'-т амжилттай оролцон нэгдүгээр байр эзэлсэн. Н.Маргадад олон улс, тив дэлхийн тавцанд үзүүлсэн амжилтыг үнэлэн “Хүүхдийн төлөө сан”-гаас мөнгөн шагнал гардуулсан. Тус шагналаасаа тэрээр сургуулийн номын санд хандивлан, өөрийн нэрэмжит номуудтай болжээ.

Өөрийн жижигхэн туршлага дээрээс ажиглахад аливаа тэмцээнд гадаад хүүхдүүд илүү өндөр бэлтгэлтэй байдаг. Тэдний ихэнх нь төгөлдөр хуурч болохоор амьдралын зорилго тавьсан байдаг болохоор тэр байх л даа. Ихэнх нь бүр 3 настайгаасаа эхлээд л төгөлдөр хуураар хичээллэсэн байдаг. Тийм ч учраас улсын тэмцээнүүд нь Монголынх шиг ‘мэргэжлийн’, ‘сонирхогчдын’ гэсэн тусдаа ангиллууд байдаггүй юм байна лээ. Бүгд нэг түвшинд буюу мэрэгжлийн тоглогч нарын үүднээс оролцдог. Тийм учраас л олон улсын тэмцээнүүдийн өрсөлдөөн нэлээн ширүүхэн болдог доо.



Дараа жил би 10-р ангид орж Их Британийн бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ авах буюу IGCSE-ийн шалгалтдаа бэлдэж эхлэх болохоор мэргэжлийн хичээлүүдээ судлахын хажуугаар хоббиндоо цаг гаргах гээд ихээхэн завгүй болох байх. Миний хувьд мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа ч Дээд Математик, Хятад Хэл, Эдийн Засгийн хичээлүүдийг сонгон судлах бодолтой байгаа. Эдгээр хичээлүүдийн хөтөлбөр нэлээн шахуу учир усанд сэлэлт, хөгжмөөр хичээллэдэг цагаа багасгах шаардлагатай л болох байх. Манай гурван дүүгийн хамгийн том нь надтай адил төгөлдөр хуураар хичээллэдэг учраас чөлөөт цагаараа дүүдээ бэлтгэл хийхэд нь туслангаа дуртай зүйлээ үргэлжлүүлэн хийх боломжтой гэж бодож байна. Мөн ахлах ангидаа ороод үлгэр жишээ сурагч (Prefect) болж сургуулийнхаа ‘Head Boy’ буюу монголоор дүйцүүлбэл сурагчдын зөвлөлийн дарга болохоор хичээнгүйлэн суралцаж байна.


10 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page