logo logo logo

Эцэг Эхчүүд Заавал Мэдэх Ёстой Чухал Мэдээллүүд

 Хүндэт эцэг, эх ба асран хамгаалагчид аа,

 

Тэмдэглэлт баяр

Бид сурагчдынхаа төрсөн өдрийг анги дээрээ тэмдэглэх явдлыг дэмжинэ. Гэхдээ сургуулийн орчинд төрсөн  өдрийн цэнгүүнийг хэт нүсэр, өргөн хүрээтэй байлгахгүй байх тал дээр анхаарах (бялуу, бялуу зүсэх хутга, жимсний шүүс хангалттай) хэрэгтэй ба бусад ангид саад болохгүй байх талаас нь зохион байгуулна.

1.  Хүүхдийнхээ төрсөн өдрийг сургууль дээр нь тэмдэглэх тухайгаа 3-аас доошгүй хоногийн өмнө ангийн багшид нь урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсан байх хэрэгтэй.

2.   Төрсөн өдрийг үдийн цайны цагаар тэмдэглэх бөгөөд хичээлийн цагаар тэмдэглэх боломжгүй

3.   Зөвхөн бялуу авчрахыг зөвшөөрнө. Газтай ундаа, тоглоом, бэлэг болон бусад зүйлсийг авчрахыг хориглодог. Хэрэв хүсвэл сургуулийн хоолны газраас 24 цагийн өмнө бялуу захиалж болно. Үнэ 70,000 төгрөг.

Таны хүүхэд сургууль дээрээ төрсөн өдрөө тэмдэглэхийг хүсэж байгаа бол эдгээр дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай. Дүрмийг дагаж мөрдөхгүй бол сургууль дээрээ төрсөн өдрөө тэмдэглэх боломжгүй.

 

Гар утас болон бусад электрон хэрэгслүүд

Хэрэв сурагч гэр рүүгээ холбоо барих зайлшгүй шаардлага гарвал сургуулийн хүлээн авахад хандаж, туслалцаа авна. Тиймээс хүүхдэдээ гар утас сургуульд нь өгч явуулахгүй байхыг анхаарна уу. Онцгой тохиолдолд л бид сурагчийг биедээ гар утас авч явахыг зөвшөөрнө.  Бага ангийн сурагчид гар утсаа бага ангийн хичээлийн эрхлэгчид хичээл эхлэхээс өмнө буюу 8.30 гэхэд хураалган, дунд ангийнхан гар утсаа хичээл эхлэхээс өмнө өөрийн шүүгээнд хийж, хичээл тартал шүүгээндээ хадгална. Урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр гар утас ашигласан тохиолдолд гар утсыг нь хураан авч, хичээлийн 2 долоо хоногийн дараа сургуулийн захирлаас зөвшөөрөл авч эцэг, эхэд нь эргүүлэн өгнө. Бүх хураагдсан утсыг сургуулийн захирал хадгална. IPad, CD, зөөврийн комьпютер, game boy тоглоом болон бусад үнэтэй эд, хэрэгслийг сургууль дээр авчрахыг хориглоно.

KS 4 –ийн сурагчид хичээлийн шаардлагаар зөөврийн компьютер болон Ipad авчрахыг зөвшөөрдөг боловч хичээлээс өөр зүйлд ашигласан тохиолдолд хураан авах болно.

Журмыг зөрчин, гар утас, электрон хэрэгслээ авчирсны улмаас хаях гээх, хулгайд алдах зэрэг гарч болох хохирлыг сургуулийн захиргаа, ажилтан хүлээхгүй болохыг анхаарна уу.

 

Дээрэлхэх, дарамтлах явдлыг үл тэвчих

Бритиш сургууль нь бусдыг дээрэлхэх, дарамтлах болон бусад хүнлэг бус араншинг үл тэвчих зарчмыг баримтлан, бодлого журмаа энэ чиглэлд боловсруулан, мөрдүүлж ажиллана. Зодолдох, бусдыг үг хэлээр дайрч, доромжлох нь сургуулийн орчинд хориотой бөгөөд эдгээр үйлдлийг үл тэвчинэ. Сурагч бусдыг зодож, дээрэлхэх, үг хэлээр дайрч давшилбал эцэг, эхтэй нь холбогдоно. Иймд сургуулийн вэб сайт дээр тавьсан сахилга бат ба биеэ олны дунд зөв боловсон авч явах журмыг уншиж, танилцана уу. Сурагчдад монгол хэлний хичээлээс бусад үед байнга англи хэлээр хоорондоо харилцан, ярилцах шаардлага тавьдаг бөгөөд бүх заавар, зөвлөгөөг англиар хэлээр түгээнэ.

 

Биеийн тамирын хувцас

Бритиш сургууль нь биеийн тамирын хичээлийн тусгай дүрэмт хувцастай бөгөөд сургуулийн логотой шорт футболк халаалтын гадуур өмд цамцны хослолуудаас бүрдэнэ. Эдгээр хослолуудыг спортын хувцасны үйлдвэр “Monline” ХХК дээр очиж захиалгаар хийлгэж худалдан авна. Дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн цахим хуудаснаас авна уу. Сурагчид нь биеийн тамирын хичээлдээ биеийн тамирын дүрэмт хувцсаа зохих ёсоор заавал өмсөж зориулалтын спортын гуталтай орох хэрэгтэй. Үүнээс гадна доорхи шаардлагыг тавина.

Үүнд:

 

  • Платформ ултай гутал, аяллын пүүз өмсөхийг хориглоно.
  • Урт үстэй бол заавал боосон байна.
  • Ээмэг, бөгж, зүүлт зэрэг гоёл зүүхгүй байх      

KS1, 2 сурагчид биеийн тамирын хичээлтэй өдрөө биеийн тамирын хичээлийн дүрэмт хувцастайгаа хичээлдээ ирж болно.

Дээр дурдсан шаардлагыг биелүүлээгүй үед биеийн тамирын хичээлд оролцуулахгүйг анхаарна уу. Хүүхдийн биеийн тамирын хичээлийн хуваарийг өөрийн хуанлидаа тэмдэглэн авахыг зөвлөж байна.

 

Гэрийн даалгавар

Багшийн өгсөн гэрийн даалгаврыг хүүхэд танхимын сургалтаас гадуур өөрөө бие даан эсхүл эцэг, эхийн тусламжтайгаар гүйцэтгэсэн байна. Гэрийн даалгавар нь сурч, мэдэх үйл явцын салшгүй нэгэн хэсэг мөн. Гэрийн даалгавраа тогтмол хийх нь амжилттай сайн суралцан, гүн бат мэдлэг эзэмшихийн нэг үндэс суурь болж өгдөг. Хүүхэд гэрийн даалгавраа тогтмол хийж  заншсанаар танхимд олж авсан мэдлэгээ бататган, зарчимч чанарт суралцан, гэр бүлийн бусад гишүүдийг боловсрол төвтэй болгодог.

Хичээлийн жилийн турш хүүхэд тань тантай хамтран эсвэл өөрөө бие даан өдөр тутмын уншлагаа хийж байх нь тухайн өдрийн хичээлээ бататгаж байгаа энгийн жишээ юм. Сурагч нь өдөр бүр тухайн өдөр өгсөн гэрийн даалгаврыг хийж гүйцэтгэн, маргааш нь шалгуулах үүрэгтэй бөгөөд даалгавар нь үзэж, судалсан хичээлтэй нь шууд холбогдсон байна. Гэрийн даалгавартай холбогдолтой илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэб сайтаас авах боломжтой.

 

Хүүхдээ амжилттай суралцахад нь хэрхэн туслах талаар

Эцэг эхчүүд болон багш нарын хүлээлт: Эцэг эх бүр нэн тэргүүнд өөрийн хүү, охиноо нийгэмд бусадтай хөл нийлүүлэн алхах чавдартай,  бие хүн болгон төлөвшүүлэхийг зорино. Эцэг эхчүүд өөрийн хүүхэд болон багш, сургуулийн ажилтнуудад тогтмол туслалцаа үзүүлж ажилласнаар бидний зорилго биелэгдэх болно. Үүний тулд дараах зүйлст анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд:

·        Хүү, охиноосоо хичээл дээрээ юу сурч мэдсэн болон сургуулийн орчинд ямар онцлог үйл явдал болсон талаар байнга асууж, мэдээлэл солилцож байх.

·        Хүү, охин тань тухайн өдрийн хичээл дээр сурлагын амжилт үзүүлсэн, сайн дүн авсан тохиолдолд байнга урамшуулж байх.

·      Хүү, охин тань танд тодорхой санал хэлсэн  үед багштай нь энэ талаар биечлэн уулзаж, ярилцах.  Ингэснээр таны мэдээгүй зүйлийг багш хэлэх, эсвэл сургуулийн багш, ажилтнуудын   мэдээгүй зүйлийн талаар та тэдэнд мэдээлэх харилцан ашигтай байх талтай.

·     Сургуулийн багш, ажилтнуудтай холбогдон, асуудлыг чөлөөтэй тавьж хэлэлцэж байх. Сургуулийн зүгээс боломжтой бүх асуудлаар тусламж үзүүлэхэд бэлэн байна.

  •          Хүү, охиноо хичээлийн дараахи дугуйланд хамрагдахад дэмжлэг үзүүлэх,
  •          Хүү, охиноо хичээлийн цагаас хоцроохгүй байх. Мөн шаардагдах хичээлийн бэлтгэлээ хангасан эсэхэд анхаарал тавих,
  •          Хүү, охин тань өдөр бүр гэрийн даалгавраа хийх цаг гаргаж байгаа эсэхэд хяналт тавих
  •          Хүү, охин тань хангалттай унтаж амарч байх

 

Дунд ангийн сурагчийн паспорт

Дунд ангийн сурагчийн паспортыг эцэг эхчүүд долоо хоног тутам шалгаж байх хэрэгтэй ба харилцаа холбооны хэрэгсэл болгон ашиглах боломжтой юм. Багш нар сурагчийн амжилт дэвшил, алдаа дутагдал гэх мэт зан харилцаа түүнчлэн гэрийн даалгаврын талаар сурагчийн паспорт дээр тэмдэглэл хийх болно.

Сурагчийн паспорт дээр эцэг эх нь гэрийн даалгаварын он сар өдрийг шалгаж гарын үсэг зурж байгаа эсэхийг анги удирдсан багш нь долоо хоногт нэг удаа шалгаж байх хэрэгтэй бөгөөд эцэг эхээс ирсэн тэмдэглэлийг давхар шалгах хэрэгтэй.

Хүүхэд тань ямар нэгэн шалтгаанаар хичээлдээ ирж чадахгүй тохиолдолд сурагчийн паспортыг ашиглан хүүхдийнхээ багшид энэ тухай мэдэгдэнэ. Өвчтэй тохиолдолд эмчийн бичиг зайлшгүй хэрэгтэй.

Багш нар сурагчийн амжилт дэвшил, алдаа дутагдал гэх мэт зан харилцаа түүнчлэн гэрийн даалгаврын талаар сурагчийн паспорт дээр тэмдэглэл хийх болно. Хүүхдийнхээ сурагчийн паспортыг байнга шалгаж, санаа зовниж байгаа асуудал, санал болгох зүйлээ бичиж явуулж байгаарай.

 

Бага ангийн сурагчийн паспорт

Бэлтгэл анги ба KS1-д “Сурагчийн паспорт” нь гэр ба сургуулийг холбох гол харилцах хэрэгсэл болно. Сургуульд мэдэгдэх ёстой бүхий л чухал мэдээллүүдийг Жнь: хүүхэд тань шүдний эмчид үзүүлэх, эсхүл ямар нэгэн шалтгаанаар хүүхэд тань дүрэмт хувцсаа бүрэн өмсөж ирж чадахгүй тохиолдолд сурагчийн паспортыг ашиглан хүүхдийнхээ багшид энэ тухай мэдэгдэнэ. Эдгээрээс гадна эцэг, эх багшаас уулзалтын цаг авах эсхүл багш эцэг эхэд хүүхдийн сахилга бат муу/сайн байгаа болон гэрийн даалгавраа хийгээгүй тухай паспортанд бичиж байна. Бага ангийн сурагчдын паспортын доторхи хуудаснууд нь харилцан зурвас бичих зориулалтанд тохирсон тууш зураастай байх ба он, сар, өдрийн доор мэдэгдэх/асуух зүйлсээ бичихэд хариуг доор нь шууд бичнэ. Бага ангийн паспорт нь том ангийнхаас арай өөр байна. KS2-ын сурагчийн паспортын ашиглалт нь дунд ба ахлах ангийн сурагчдын цаг төлөвлөлт, ажил ба хичээлээ зохион байгуулах чадварыг нь дээшлүүлэхэд чиглэгдэнэ.  Сурагчид нь паспортандаа хичээлийн цагийн хуваарь, гэрийн даалгавар, болон дугуйлангийн тухай мэдээллийг тэмдэглэнэ. Эдгээрээс гадна бага ангийн паспорттай ижил эцэг эхчүүд багш, сургуулийн хоорондох харилцааны хэрэгсэл болгон ашиглана. Бага ба дунд ангийн паспортуудыг анги даасан багш нар нь долоо хоногт доод тал нь нэг удаа шалгаж байна.  Хүүхдийнхээ паспортыг эцэг эхчүүдийн аль нэг нь долоо хоногт доод тал нь нэг удаа шалгаж гэрийн даалгавар болон бусад мэдээллийг хүлээж авсаны баталгаа болгон гарын үсгээ зурж байх шаардлагатай. Хүүхэд өвдсөн үед паспортаар нь дамжуулан мэдэгдэж болох боловч эмчийн бичгийг заавал хамтад нь явуулахыг анхаарна уу.

Сурагчийн паспорт нь зөвхөн гэрийн даалгаврын тэмдэглэл биш бөгөөд гэр ба сургуулийг холбох гол харилцах хэрэгсэл юм. Сурагчийн паспортыг багш , эцэг эх нь долоо хоногт нэг удаа шалгаж гэрийн даалгавар болон бусад мэдээллийг хүлээж авсанаа баталгаа болгон гарын үсгээ зурж байх шаардлагатай.

 

Сургуулийн товчилсон үгс ба задаргаа:

  • AFL – Assessment For Learning
  • COBIS – Олон улсын Англи Бүрэн Дунд сургуулиудын холбоо
  • CPD - Мэргэжил дээшлүүлэх
  • DP – Дэд захирал
  • EAL – Англи хэлний нэмэлт хичээл
  • EBI – Илүү сайн болгохын тулд
  • ECA – Сонгон суралцах дугуйлан
  • G & T – Гоц авъяастай сурагч
  • H and S – Health and Safety
  • IGCSE – Олон улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • ISAMS – Сургуулийн менежментийн систем
  • IWB – Ухаалаг самбар
  • LSU – Суралцахад дэмжлэг үзүүлэх  баг
  • NC – Үндэсний хөтөлбөр
  • PSHE – Хувь хүн, нийгмийн, эрүүл мэндийн боловсрол
  • PTA – Эцэг эх багш нарын холбоо
  • SMT – Удирдлагын ахлах баг
  • SDP – Сургуулийн хөгжлийн төлөвлөгөө
  • SWLOs – Сургуулийн хэмжээний сурлагын ерөнхий зорилго
  • TA – Туслах багш
  • T and L – Сургалт ба and сурах явц
  • WWW – Юу нь сайн байсан бэ

 

Эрүүл хооллолт

Эрүүл мэндийг дэмжигч сургуулийн хувьд BSU нь эрүүл хооллолтын ач тус, эрүүл бус хоол ундааны хор уршгийн талаар, эрүүл амьдралын хэв маягийг нэвтрүүлэх талаар үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Бид насанд хүрэгчид (ажилчид, эцэг, эх, халамжлагч) үлгэр жишээч байж сурагчдад хоол тэжээлийн тухай, хүний ​​эрүүл мэнд, зөв хооллолтыг ашиг тусыг ойлгоход нь дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байна.

Хэрэв та эрүүл хооллолтын талаар нэмэлт мэдээлэл авах шаардлагатай бол, сургуулийн сувилагч (nurse@britishschool.edu.mn), эсвэл биеийн тамирын зохицуулагчтай (lee.jones@britishschool.edu.mn) холбоо барина уу.

Дараах вэб хаяг нь таны хүүхдийн эрүүл хооллолтын талаарх ойлголтод сайн зөвлөгөө, шинэ санааг өгөх болно.